#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-01-28
ХАРГАЛДАА ХАШААНЫ ЖОЛООЧ АХ

Маргааш нь бүтэн сайн өдөр байсан ч гэсэн би эрт бослоо. Ээжийг босоод цайгаа чанаж байх үеэр би сэрчихлээ. Би, сэрэхдээ л хойрго болохоос биш, сэрсэн байвал босохдоо залхуурдаггүй юм. Тэр зангаараа ухасхийн босож хувцаслав.

-Хүү минь жаахан унтахгүй яагаа вэ? Юу болоод чи ийм эрт босоод ирэв гэж ээж гайхан асууж байна.

-Зүгээр сэрчлээ! гэж би хариулсан боловч юу болоод ийм эрт сэрчихсэнээ өөрөө ч гайхлаа. Үдэш хэрэг тарьж ээжийг уйлуулсандаа сэтгэл зовоод ч тэр үү, эсвэл миний нойр гэнэт бага болж байгаа юм уу, бүү мэд.

Хөвөнтэй цамцаа өмсөөд гадаа гартал баахан жавартай боловч тунгалаг сайхан өдөр болох янзтай, их сайхан байна. Тэнгэр цэв цэлмэг. Нар удахгүй гарах гэж байгаа бололтой. Дорно зүгийн тэнгэрийн хаяа туждаа улаан шаргал туяанд умбасан байна. Манай үнээний саравчийг гялбам сайхан гуулин царан дээр товойлгож хийсэн юм шиг их гоё харагдаж байна.

Би нар мандахыг харах гэж саравчин дээр гарч өвсөн дотор хэвтлээ. Тэгтэл бутны цаана нуугдаад дайсантай байлдаж байсан нэг цэрэг санаанд орлоо. Тэр цэрэг малгайгаа шарилжинд өлгөөд бутны цаанаас цухуйлгахад нь дайсны мэргэн буудагч түүний нь цоо буудаж орхисон юм. Үүнийг би нэг кинонд үзсэн шиг санагдана. Ер нь мэргэн буудагч тусгай шагайвартай нууцгай байран дотроос юм уу эсвэл өндөр модны оройд гарч өтгөн мөчир шилмүүс дотор нуугдаад бууддаг гэж Галдан ах ярьж байсан. Миний хэвтэж байгаа өвс хураасан саравч бол яг л мэргэн буучийн байр шиг санагдаад явчлаа. Яагаад гэвэл энд намайг хэн ч харахгүй, харин би бүх яюмыг харж байна.

За тэр! Харалдаа хашаанаас жолооч ах гараад ирлээ. Арвын бидонтой юм барьж явна. Ачааны тэргэндээ суух нь дээ! Үгүй манайд орох нь. Энэ ах манай ээжид сүү авчирч өгөх нь дээ. Өчигдөр хөдөө яваад ирсэн юм байж.

Энэ жолооч ахыг Дагва гэдэг. Нэг нь дээшээ, нөгөө нь доошоо чиглэсэн хачин хөмсөгтэй, намхан, бор хүн байгаа юм. Их сайн хүн шүү. Бид хоёр их найз улс. Надаар тэргээ арчуулдаг юм. Дугуй нь хагарвал би хийлүүрий нь дарж өгнө. Энэ ах М-Пикап гэдэг машинтай. Бас албаны том тэрэг барьдаг юм. М-Пикапаа унавал намайг суулгадаг. Том тэрэгнийхээ кабинд бол харин суулгадаггүй юм. Манайд огт машин байхгүй байхад энэ ахад том жижиг хоёр машин байдаг. Хачин шүү!

За тэр ч яахав. Би бол одоо мэргэн бууч хүн. Даанч надад буу алга даа. Байз! гэж би хөвөнтэй цамцныхаа өвөрт гараа шургуулав. Еэ гялай! Миний улаан сундагаар хийсэн чавх ашгүй байж байна. Харин бууц хаяаны манааснаас хэдэн сум түүж авдаг юм бил үү? Би нөгөө халаасан өвөртөө гараа оруулж тэмтэрлээ. Хэдэн сум байна! Тэгнээ тэр! гурав... дөрөв, таван жижигхэн бөөрөнхий сум (чулуу) байна.

Одоо! Ёстой мэргэн буудагч шиг л нэг ч сум гарздахгүй онох юм шүү. Харин юу буудах вэ? Хаа ч юм бор шувуу жир жир дуугараад байна. Тэр дайсан хаана байнаа? Түүнийг л буудъя. Гэвч Гонгорыг хашаанаасаа гараад ирвэл нэг сум зориулж болох юм даа. Тэр ер нь хорлон сүйтгэгч хүүхэд байгаа юм. Гэвч түүнээс болж ямар ч хэрэг дэгдэж болно. Би тэр өөдгүй жаалаас болж өөрөө зодуулсан. Ээжийгээ уйлуулсан. Ер нь больдог юм уу?

Ингэж бодож байтал нэг харахнаа хэдэн бор шувуу ирээд улаан булангийн чийдэнгийн утсан дээр суучихсан жив жив гэж байна. Би бушуухан буу сумаа гаргаж шон дээр сууж байгаа нэгийг нь чиглүүлэв. Тархиндаа сум зоолгохоо мэдэхгүй яваа дайсны цэрэг шиг тэр бор шувуу ийш тийшээ гилбэлзэн жив жив гэж л байна. Би чиглүүлж чиглүүлж харваад тавьчихлаа!

Тэгтэл юу болсон гэж санана! Гайтай бор шувуунууд дэр гээд нисчихлээ. Миний сум оносонгүй. Тэгтэл цаана нь жолооч ах духаа алгаараа дараад машиныхаа дэргэд ийш тийшээ харж байна. Түүнийг оносон бололтой. Тэгээд хэн хаанаас чулуудав гэж хайж байгаа нь ил. Би айхдаа өвсөн дотор улам шигдэж доошоо хэвттэл саравчны дээврийн хавирга модон дээр тавьсан даранз цөм үсрээд пир пар доошоо уналаа. Манай үнээ бяруунууд саравчны дээвэр дээрээс чоно харайгаад орж ирлээ гэсэн бололтой босон харайцгаалаа. Гай болоход манай хөгшин тарлан үнээ махир эврээрээ миний хөвөнтэй цамцны аравчнаас гогодож аваад толгойгоо гилжийлгэн, нүдээ цагаанаар эргэлдүүлээд намайг саравчин дундуур чирээд хурдаллаа.

Ингэж пажигнатал, ашгүй, хүрэмний минь аравч тасарч би үнээнээс салаад хашааны үүдэнд унатал намайг мөрөн дээрээс нэг хүн татаж босгов. Харвал жолооч ах ирчихсэн байна.

-За хампаан яаж хөглөж байгаа чинь энэ вэ? Гар хөл чинь зүгээр биз? гэж байна. Би үхрийн эвэрт чирэгдэж айсандаа хамаг бие салганан өвдөг чичирч байлаа. Хөвөнтэй цамцны минь шороог гүвж байснаа Дагва гуай миний халаасан өврөөс цухуйж байсан чавхыг суга татаж аваад

-Аа хампаан, намайг чи л харваад байсан юм бий? Муу санаа эзнээ отно гэж энэ дээ гээд ха-ха-ха гэж инээв. Түүний духан дээр чигчий хурууны өндөг шиг овойчихсон байна. Дагва гуай миний эрүүн дээрээс өргөж өөр өөдөө харуулаад:

-За хампаан, чи яагаад намайг харвадаг билээ? гэж даажинтайгаар асууж байна.

-Ах аа, би бор шувуу харвасан чинь харин таныг оносон юм. Би таныг цаана нь байсан гэж мэдсэнгүй... Би мэргэн буудагч болж тоглож байсан юм... гэж дэмий л үнэнээ хэллээ. Жолооч ахыг энэ үгэнд минь үнэмшихгүй байх гэж бодож байлаа. Томцуул ер нь хүүхдийн үгэнд итгэх дургүй байдаг юм.

-За хампаан чи нээрэн мэргэн буудагч болж тоглож байсан бол ч тоогүй л байна даа. Онох гэсэн юмныхаа оронд хампаанаа онодог чинь дэндүү муу буудаж дээ! Ийм янзаар *мэргэн* буудвал чи хүний нүд сохлох нь байна шүү! Хампаанаа энэ удаа ч гэрийнхэнд чинь хэлэхээ больё доо. Үүнээс хойш харин хүн харвасан байвал сайхан мэдээрэй! гэж санууллаа.

Би түүнийг миний үгэнд итгэж, намайг уучилсанд нь мөн ч их баярлаж билээ.

-Би дахиад яасан ч хүнийг чавхаар харвахгүй. Бү-үр яасан ч чавхдахгүй! гэж үнэн голоосоо батлан андгайлав.

Энэ үеэр ээж үхрээ гадагш гаргах гэж гэрээсээ гарч ирээд бид хоёрыг гайхан харж:

-Дагва минь, та хоёр чинь юу л болоод байна даа, энэ чинь? гэж асуув.

-Юу ч болоогүй ээ! Энэ хампаан маань саравчин дээрээс ойчиж үхрийн эвэрт чирэгдэж хөглөөд би салгаж авах гэж бужигналаа гэж жолооч ах ажиггүй хариулж байна.

-Юм болгонд дандаа ямаа шиг авирч байдаг хүн. Болжээ, болж! Юунд салгаж аваа вэ? гэж ээж тавлаж байна.

Дараа нь ээж жолооч ахын духан дээрх овгорыг харж:

-Дагва чи наад духаа яачаа вэ? Манай энэ гайхал цохичоо биз? гэж миний хийсэн хэргийг мэргэн юм шиг таачих шахлаа. Харин Дагва гуай над руу харж нүд ирмээд

-Аа энэ үү? гэж духаа илээд

-Би танай *аваргыг* үхрийн эврээс салгаж авах гэж байгаад үнээний эвэрт цохиулчихсан юм... гэж хэлдэг байна.

Энэ сайн ах миний төлөөнөөс ингэж ээжид худлаа хэлэхэд нь би түүний төлөөнөөс санаа зовлоо. Жолооч ахыг би тэгэхэд энэ хавьдаа хамгийн ухаантай сайн хүн юм даа гэж бодлоо. Тийм сайн хүнийхээ толгойг чавхаар оночихдог их муухай юм боллоо. Би ч өөдгүй мэргэн буудагч юм даа. Мэргэн буудагч хүн онох гэснээ онохгүй, харин огт хамаагүй юм онох гэж байх уу. Ичгүүртэй юм. Муу чавх ер нь гайтай буу юм. Түүний тэнэсэн сум юуг ч онож магадгүй юм байна гэж би гэмшин гэмшин бодож билээ.

Ш. Гаадамба "Багын Явдал" түүвэр өгүүллэгээс.

Сэтгэгдэл:


nice, hi btw..happy
Бичсэн: tatah цаг: 19:19, 2008-01-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax