#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-2-9
Буруу ярьж зөв ойлгоноо гэж

Манай нэгэн яруу найрагч:

Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ? Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй


гэж маш оновчтой шүлэглэснийг хэн хүнгүй мэднэ. Хилийг ч яахав хилийн цэрэг хамгаалж байгаа. Мал сүргийг малчин эзнээс нь өгсүүлээд төр засаг хүртэл хамгаалалтдаа авчихсан. Харин хэлийг маань хэн хамгаалж байна вэ? Өнөөгийн монгол хэлний байдал энэхүү асуултын хариуг биднээс нэхсээр байна.

Англи, орос гээд дэлхийн "том" хэлнүүдийн "довтолгоон"-д өртөж, заримдаа өөрөөр нь угжуулж өссөн хүүхэд залуустаа хүртэл "шоовдорлогдох" болсон монгол хэл маань цагийн сайханд дэлхийн хэл болж, ургахуйгаас шингэхүй хүртэлх олон улс гүрэнд өнөөгийн англи хэл лүгээ адил хэрэглэгдэж, тэр хэрээр дээдлэгдэж байсныг зуун зууны хөх түүх гэрчилнэ. Гэтэл өнөөгийн бид тэр түүхийг мартаж орхиод, англиар "мэнд мэдэж", оросоор "харааж", солонгосоор "уулга алдах" болсон нь нэн харамсалтай. Би үүгээрээ гадаад хэл сурч байгаа хүүхэд залуусыг буруутгах гэсэнгүй, харин эх хэлээ сайн сурч, дээдлэн хүндэлж гэмээ нь харь хэлийг төгс сурдаг учиртайг сануулах гэсэн юм. Монгол хэлээ хайрлан хамгаалах, зөв сайхан ярьж бичих талаар үе үеийн эрдэмтэн мэргэд захин хэлж, заан залруулсаар ирсэн билээ. Үүнийг бичигч монгол хэлийг шинжлэн судалдаг хүн биш боловч эх хэлэндээ санаа тавих нь монгол хүний үүрэг гэдэг үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ. Алдаж ташаарсан зүйл байваас уучлан өршөөх буй за.

Нэг. АЛДААТАЙ БИЧИХ АЛБАТАЙ ГЭЖ ҮҮ?

90-ээд оны ардчиллаас хойш манайд эх хэлний талаарх төрийн бодлого суларч ирснийг харуулах наад захын жишээ нь үсгийн дүрмийн алдаа ихссэн явдал гэж хэлж болно. Гэхдээ өмнөх нийгмийн үеийн ном хэвлэлүүд огт алдаагүй гардаг байсан гэж хэлж бас болохгүй. Алдаа гарах нь гардаг байж. Гэхдээ одоогийнхийг бодвол ёстой "өдрийн од" шиг цөөхөн байж дээ. Хаа нэг алдаа гарвал түүнийгээ залруулдаг, алдаатай ном зохиолд залруулга гэсэн тусгай хэсэг үйлдэж хавсаргадаг байв.

Бага, дунд сургуульд ч цээж бичиг гэдгийг ёстой нэг "цээжилтлээ" хийдэг байж билээ. Гэтэл өнөөгийн сургуульд цээж бичиг хийж байна уу гэж асуувал "За даа, бараг үгүй л болов уу" гэж ихэнх хүн хариулах биз ээ. Үүнийг ч сүүлийн үеийн ном хэвлэл бэлхнээ харуулаад байгаа бус уу. Ном хэвлэл гаргаж байгаа хүмүүс нь бусдаасаа арай л илүү бичгийн боловсролтой хүмүүс байх учиртай атал тэд нар нь ингэж алдаж бичихлээр нөгөө "дунд" сургуулийн хүүхдүүд нь ямар байх нь тодорхой. Тэгэж, ингэж алдаж бичжээ гээд хэлэхлээр "Одоо алдаагүй бичдэг хүн гэж хаа байгаа юм. Угаасаа энэ кирилл үсгийн дүрэм чинь буруу юм гэнэ лээ" гэж өөрийгөө зөвтгөх хүн бишгүй тааралдана.

Ц. Дамдинсүрэн гуайн зохиосон "Шинэ үсгийн дүрэм"-д засаж залруулууштай юм бий нь бий. Уг дүрэм гарсан цагаас нь л манай эрдэмтэд энэ тухай бичиж шүүмжлэн, засч залруулсаар ирсэн. Гэхдээ нэгэнт л үсгийн дүрмээ шинээр батлан гаргаагүй л бол муу ч сайн ч хуучин дүрмээ дагах учиртай баймаар. Гэтэл манайд бараг толгойтой болгон өөр өөрийн дүрэм зохиож, түүнийгээ мөрддөг болчихжээ. Алдаагүй ном хэвлэл ч гарахаа больж, хүмүүс ч түүнд нь бүр дасаж орхиж.

Дээр үед алдаатай ном хэвлэл олоход бэрх байсан бол одоо харин алдаагүй ном олоход бэрх болжээ. За тэгээд нөгөө муу нэртэй "шар сонинууд"-тай бол бүр ярилтгүй. Худлаа ярих хүнд бараг үг, өгүүлбэр бүр нь алдаатай. Тэгсэн атлаа зарим нь "Манай сонинд байгаа 1 алдааг олно уу" гэсэн "таавар" зарлах нь яана. Нэг байтугай нэг зуу, аягүйдвэл нэг мянган алдаатай сониноос чухам аль нь тэр "таалгаад" байгаа нэг алдаа нь болохыг "таах" хүн байдаг болов уу, та минь.

Харин өдөр тутмын хэдэн сонины хувьд үсгийн дүрмийн алдаа харьцангуй бага байдаг нь тэдгээр сонины түвшинг харуулж байгаа хэрэг болов уу.

Үсгийн дүрмийн алдаа зөвхөн муу нэртэй, луу данстай кирилл үсэгт гарч байгаа юм биш, монгол бичгээр ч алдаатай бичсээр л байна. Одоо албан газрын хаяг, тамга тэмдгээс эхлээд монгол бичиггүй юм гэж үгүй болжээ. Монгол бичгээ сэргээн хэрэглэж, хос бичигтэн болох гэж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ бас л нөгөө үсгийн дүрмийн алдаагаа засахгүй бол болохгүй нь ээ. Нэг үе бүх нийтээр монгол бичигт шилжин орохоор бэлтгэж, бага сургуулийн хүүхэд монгол бичгээр амлуулж байлаа. Гэтэл гэнэт монгол бичигт шилжин орохоо больж, баахан хүүхдүүдийг "туршилтын туулай" болгож "хэлмэгдүүлж" орхисныг бүгдээрээ санаж байгаа байх. Түүний үр дүнд кириллээр ч зөв бичдэггүй, монгол бичгээр ч зөв бичдэггүй "нэгэн үеийнхэн" төрөн гарсан. Одоо тэд нар хорь нэлээд гарч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон бөгөөд нөгөө үсгийн дүрмийн алдаа (кирилл монгол аль алиных нь) гарахад "гол үүрэг" гүйцэтгэж байгаа бололтой.

Ганц нэг жишээ дурдъя. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хаягийг монгол бичгээр "Засгийн гацрын тохируулагц агендлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн гацар" гэж уншигдахаар бичсэн байх юм. Түүнээс гадна телевизийн зарим нэвтрүүлгийн нэр ус, нэвтрүүлэг бэлтгэсэн хүмүүсийнхээ нэрийг монгол бичгээр бичих болсон нь сайшаалтай хэдий ч үсгийн дүрмийн алдаа мэр сэр харагдах нь харамсалтай. "Монгол тэмүүлэл " гэдэг үгийг "Монггол тэмэүлүл" гэж бичих ёстой атал "Монггол тэмэгүлүл" гээд биччихсэн байх жишээтэй.

Ямар ч атугай ном сонин, телевиз гэдэг бол хүний нүдэнд хамгийн их тусч, тэр хэрээрээ бичгийн боловсролд нь нөлөөлдөг тул ном, хэвлэл, телевизийнхэн үүнд анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ.

Хоёр. БУРУУ ЯРЬЖ, ЗӨВ ОЙЛГОНО ОО ГЭЖ

Сүүлийн үед монгол хэлний найруулга, утгазүйн хэм хэмжээг зөрчигчид хэтэрхий олширч, тэр нь бүр "моод" болсон гэхэд хилсдэхгүй. Тэгсэн атлаа түүнийгээ "Монгол хүн буруу ярьж, зөв ойлгодог юм" гэж зөвтгөж суух нь инээдтэй ч, бас эмгэнэлтэй. Ганц нэг жишээ авъя. Сүүлийн үед "нэлээдгүй" гэдэг үг бараг л хүн бүрийн амны уншлага болжээ. Уг нь "нэлээд" гэдэг нь "олон, бага бус" гэсэн утгатай бөгөөд үүн дээр үгүйсгэх утгатай "-гүй" гэдэг нөхцөл залгахаар "бага, цөөн" гэсэн утгатай болмоор. Гэтэл манайхан харин ч эсрэгээр "Нэлээдгүй амжилт гаргалаа", "Төр засаг энэ асуудалд нэлээдгүй анхаарал хандуулж ирлээ" гэх мэтээр "бахдан сайшаах" болжээ.

Мөн "эф-эм радио маань", "дуу маань" гэх мэтээр хамаатуулахын "маань" нөхцлийг их хэрэглэх болжээ. Уг нь буруу ч юм биш л дээ. Гэтэл бүр дэндээд "гэмт хэрэгтэн маань, шорон маань" гэж ярих болсноор барахгүй арай л "Осама Бин Ладен маань" гэж ярих нь холгүй болжээ. Монголчууд бид ч яах вэ бие биетэйгээ "хамаатархан" ярьж болдог юм байж. Гэтэл саяхан телевизээр нэг гадаадын нөхөр "Монгол улс маань" гэж ирээд л их л "өөриймсөг" ярьж байх юм. Бодоод байхад мань хүн арай ч тэгэж хэлээгүй, гол учир нь хэлмэрчид "маань л" байх шиг.

Социализмын үед монгол хэл орос хэлний нөлөөнд их автсанаас зарим нэг үг өгүүлбэрийн гаж сонин бүтэц хэдэн үеийн турш эх хэлийг маань эвдсээр ирснийг бид мэднэ. Гэтэл одоо энэ явдал арилах нь бүү хэл, улам гаарсаар байна. Энэтхэг-европ хэлний тооны айг монгол хэлэнд хуулбарлан буулгаснаас одоо бидний олонх нь "хүүхэд" гэвэл нэг хүүхэд, "хүүхдүүд" гэвэл олон хүүхэд гэж ойлгодог болчихжээ. "Офицеруудын ордон" гэх мэт нэр, "өндөр уулуудын дундуур түргэн урсгалт голууд урсана" гэх зэрэг орос хэлнээс шууд "орчуулсан" үг өгүүлбэр орчин үед "уламжлагдан" ирсэн төдийгүй зарим нь "хөгжлийн дээд шатанд" гарчээ. Саяхан зурагтаар нэгэн гоо сайханч бүсгүй "багс нар маань" гэж ярив. Уг нь "нар, нэр" хэмээх нөхцлийг хүнтэй холбоотой нэр үгэнд залгаж, "багш нар, эмч нар" гэж ярьдаг атал "будгийн багс нар" гэж ярьж байгааг "хөгжлийн дээд шат" гэхээс өөрөөр юу гэх билээ.

Энд бас хэлэлгүй өнгөрч болохгүй зүйл бол хүндэтгэлийн үг хэлллэгийг зөв хэрэглэх явдал юм. Монгол хэлэнд хүндэтгэлийн үг хэллэг байсан, харин нэг хэсэг түүнийг "феодалын", "хуучирсан", "бүдүүлэг" гэх зэргээр ад шоо үздэг байснаас болоод ямар тохиолдолд, хэрхэн хэрэглэдгийг нь мэддэг хүн одоо ховор болжээ. Жишээлбэл, "таалах, зооглох" гэх мэт хүндэтгэлийн үгсийг өгүүлэгч этгээд өөр дээрээ хэрэглэх ёсгүй атал "Надад таалагддаг", "Би бууз зооглох дуртай" гэж өөрийгөө "дээдлэн хүндэтгэдэг" хүмүүс олон болжээ.

Ардчиллын буянаар уламжлал, ёс заншлаа сэргээх хандлага хүчтэй болж, нэг үе бараг мартагдаад байсан үг хэллэг, нөхцөл дагаврыг идэвхтэй хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч хэрэглэхэд бас учир бий. Зарим хүн ямар утгатайг нь мэдэхгүй атлаа дээрх үг хэллэг, нөхцлийг хэрэглэх болсон нь хий хоосон чамирхлаас хэтэрсэнгүй. Тухайлбал, "лугаа, лүгээ" гэдэг нөхцлийг буруу ойлгож "Сар лугаа үзэсгэлэнтэй бүсгүй" гэх буюу "Уншигч авхай та" гэх зэргээр ярьж бичсээр л байна. "Лугаа, лүгээ" гэдэг нөхцөл "-тай, -тэй" хэмээх нөхцөлтэй ижил утгатай юм шүү дээ. Ингэхлээр "Сартай үзэсгэлэнтэй бүсгүй" гэсэн үг болж байгаа нь хэр оновчтой зүйрлэл юм бол доо. "Абугай" гэхийг "авхай" гэсэн тэр сониныг зөвхөн эмэгтэй хүмүүс уншиж таарах нь ээ дээ.

Үүнээс гадна телевиз, радиогийн нэвтрүүлэгч, сурвалжлагчид ч өөрсдийн хэл ярианы соёлд анхаарах цаг нэгэнт болжээ. Зурагтаар гарч байгаа хэрнээ "Яагаад ингүүл" (Уг нь "Яагаад вэ гэвэл" гэх ёстой), "Хоёулаагийн ярилцах цаг ингээд дуусч байна" гэж "эрхлэх" нь зохимжгүй. Ямар үг хэллэгийг ямар тохиолдолд, хэрхэн хэрэглэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй байна.

Гурав. ГАДААД ХЭЛ ГАНГАРАА БИШ

Даяаршлын өнөө үед гадаад хэл сурах нь нэн чухал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ гадаад хэл сурч байна гээд эх хэлээ шоовдорлож боломгүй байлтай. Уг нь эх хэлээ хэдий чинээ сайн сурч мэднэ, гадаад хэлийг төдий чинээ сайн сурдаг учиртай. Харин манайхан "туйлшрахдаа" гарамгай юм хойно "Хай, хэллоү" гэж мэндлээд, "вау, уyпс" гэж уулга алдаад, "бай, чао" гэж салдаг залуус дэндүү олон болжээ. Гадаад хэл сурна гэдэг нь ганц нэг үг хазгай муруй хэлснээр болчихдог зүйл арай биш байлтай. Монгол хүн юм бол уг нь монгол хүнтэйгээ монголоор яривал зүгээр юм сан.

Гэтэл монголоороо арван үг зөв бичиж чадахгүй мөртлөө англи ч биш, монгол ч биш хэлээр шулганагчид олшрох нь сайны ёр яав ч биш. Заавал гадаадаар ярих ёстой, гадаад нэр өгөх ёстой юм бол зөв сайхан ярьж, дуудмаар байна. Гадаад нэртэй пүүс компани, хамтлаг, дуу, нэвтрүүлэг олон болжээ. Гэхдээ энэ нэрийг нь зөв дуудах тал дээр анхаарах зүйл их байна. "Юүби палас, Юүби плаза" (UB palace) гэх юм уу, "Хайпи хаус" (Happy hours) гадаад хэл сургалтын төв гэх зэргээр буруу хазгай дуудах буюу эсвэл "оранжировка", "оранжировщик" хоёрыг ялгахгүй "Миний дууны оранжировщикийг тэр хийсэн" гэж ярьдгаа засах цаг нэгэнт болжээ.

Дөрөв. ОРЧУУЛГА ГЭДЭГ ХЭЦҮҮ АЖИЛ

Сүүлийн үед монголчуудын тэр дундаа эмэгтэйчүүдийн нойр хоол, ажил төрлөө умартан үздэг болсон зүйл нь солонгос, хятад, японы телевизийн олон ангит кино бөгөөд урьд өмнө манайхан киног орос зэрэг европын хэлнээс голчлон орчуулдаг байсан бол одоо англи, солонгос, япон, хятад зэрэг дэлхийн олон хэлнээс шууд орчуулах болсон нь тухайн орны түүх, соёлыг монголчуудад танилцуулахад ихээхэн ач холбогдолтой юм. Аливаа орчуулга, тэр дундаа киноны орчуулга гэдэг хүссэн бүхэн хийгээд байдаг хялбархан зүйл огт биш. Сайн орчуулга хийхийн тулд зөвхөн гадаад хэлийг сайн сураад зогсохгүй, тухайн орныхоо түүх, соёл, ёс заншлын талаар өргөн мэдлэгтэй байх ёстой. Гадаад хэлнээс кино олноор орчуулах болсон нь сайшаалтай хэрэг боловч зарим нэг алдаа дутагдал гарсаар байна. Энэ удаа бид телевизээр хамгийн их гарч байгаа солонгос киноны орчуулгын тухай хэдэн үг хэлье.

Хэдийгээр монголчууд солонгос хэлнээс зохиол бүтээл орчуулж байсан туршлага бага боловч бидэнд хятад хэлнээс ном зохиол орчуулж ирсэн арвин туршлага, уламжлал бий. Солонгос хэлэнд хятад хэлнээс орсон үг их байдаг нь орчуулгын ажлыг хөнгөвчлөнө гэсэн үг. Ялангуяа зарим хуучны түүхэн нэр томьёог орчуулахад хятад-монгол толь бичгээс авч хэрэглэхэд буруудах зүйл байхгүй. Олон үг нуршилгүйгээр солонгос киноны орчуулгаас ганц нэг жишээ татъя.

"Аньдун Ким, Им-у-нёний самуун, Каб-шинь-нёний самуун" гэх мэт үг хэллэгийг сонсоод үзэгчид эдгээрийг хүний нэр буюу ийм нэртэй хүний үүсгэсэн самуун гэж ойлгож байж магадгүй. Гэтэл "Аньдун Ким" гэдэг нь нэг хүний нэр биш, Аньдун гэдэг нутгаас гаралтай Ким овгийнхныг нийтэд нь хэлж байгаа юм. Харин "Им-у-нёнь", "Каб-шинь-нёнь" гэдэг нь хүний нэр ч биш, газар усны нэр ч биш "хар морин жил", "хөх бичин жил" гэсэн үг бөгөөд тэдгээр онуудад гарсан бослого самууныг хэлсэн аж. Үүнээс гадна "нуган агь" гэсэн үгийг үзэгчид бишгүй сонссон биз ээ. Уг нь "агь" гэдэг нь хаад, ноёдын хөвгүүнийг нэрлэсэн үг бөгөөд үүнийг "нуган" гэж тодотгох нь "эрэгтэй ах, эмэгтэй эгч" гэснээс ялгаа юун.

Түүнчлэн "өдөр гэгээрэх", "хамгаалж өгөх", "тэгэж хийгтүн", "Японы талд ор гэвэл орж өгөх болно", "Би чамд үүнийг хийж өгвөл чи оронд нь юу хийж өгөх юм бэ?" гэх мэтийн солонгос хэлнээс үгчлэн орчуулсан зүйл ч олонтаа тохиолдохын дээр "Вантан, айлтгаж хайрлана уу", "Вантан та мутраа хайрлах аваас шинэ засаг тогтох болно" гэх зэрэг хүндэтгэлийн үгийг буруу хэрэглэсэн, эсвэл утгын авцалдаа муутай үг өгүүлбэр цөөнгүй гарч байна. Уг нь "айлтгах" биш "айлдах", "мутар" биш "мутрын үсэг" гэсэн бол зөв байх сан. Солонгосчууд "тэгэж ингэж өгөх, тэгэж ингэж үзэх" гэсэн хэллэгүүд түгээмэл хэрэглэдэг.

Монгол хэлэнд ийм хэллэг байдаг ч гэсэн бараг үйл үг болгон дээр "тэгэж өгөөч, ингэж үзээч" гэж хэлдэггүй. Мөн ноён хүнд хандаж "Ноёнтоон, та ядаж ганц үг ган хийгээч" гэсэн дорд хэллэгийг хэрэглэж болмооргүй мэт. Мөн нэгэн түүхэн кинон дээр "Чи арай будаанаас нь ажилласан юм биш биз дээ?" гэж хэлж байна. "Ажиллах" гэдэг үг монгол хэлэнд саяхнаас л "дундаас нь идэж хохироох, шамшигдуулах" гэсэн утгаар хэрэглэгдэх болсныг бид мэднэ. Гэтэл хоёр гурван зуун жилийн өмнөх үйл явдлын тухайд энэ үгийг хэрэглэх нь тун зохимжгүй байна.

Нэг хэсэг зурагтаар гараад байсан "Домогт жанжин И Сүньшинь" гэдэг кинонд И Сүньшинь жанжин монголчуудтай байлдсан тухай гарч байх юм. Хэрэв энэ үнэн бол Монгол-Солонгосын харилцааны түүхэнд тун сонирхолтой "нээлт" болох юм. Бодоод байхад арай ингэж хэлээгүй, "бүдүүлгүүд" гэсэн үгийг орчуулагч "монголчууд" гэж буруу ойлгосон бололтой юм. Уг нь энэ удаад "бүдүүлгүүд" гэж зүрчидүүдийг хэлсэн байх учиртай.

Түүнээс гадна "Юүбин аа", "Юүжин аа" гэх мэтээр хүнд хандан дуудсан үг олонтаа сонсогдох болжээ. Яахав солонгос хэлэндээ тэгэж дууддаг байх л даа. Харин бид "өнөр аа", "Мэнд аа" гэж бие биеэ дууддаггүй биз дээ.Уул нь монгол хэлэнд эгшиг зохицох ёс байдаг л юм сан.

"Ам нээснийх уушги нээ" гэгчээр телевиз радиогийн гадаад мэдээний орчуулгын тухай ганц хоёр үг хэлье. Орчуулагч хүн тухайн гадаад хэлээ сайн мэдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, улс төр, байгаль, нийгэм гээд олон талын мэдлэгтэй байх учиртай. Үгийн олон салаа утгаас тухайн тохиолдолд хамгийн тохиромжтойг нь сонгож байж орчуулга сайн болдог гэдгийг орчуулгын талаар наад захын мэдлэгтэй хэн ч гэсэн андахгүй. Түүнээс биш ямар нэгэн үгийг өөрийн мэддэг ганцхан утгаар л орчуулаад байж болохгүй. Гэтэл сүүлийн үед "Биологийн ухаанд нэр дэвшигч" "Умард Солонгосын удирдагч Ким Жон хоёр" гэх мэт үг хэллэг сонсогдох боллоо. "Кандидат биологических наук" гэдэг үгийн кандидат гэдэг нь оросоор 1. Нэр дэвшигч 2. Дэд доктор гэсэн утгатай гэдгийг бараг сэхээтэн хүн болгон мэдмээр юм. Гэтэл эхний утгаар нь орчуулснаар дээрх "жигтэй" хэллэг үүссэн байна. Харин Умард Солонгосын удирдагчийн нэрийг орос маягийн дуудлагаар Ким Чен Ир, харин анлиар бол Kim Jeong Il (Ким Жөн-ил) гэдгийн сүүлийн "Ил" гэдэг нь ромын 2-ын тоотой адил харагдсанаас "II Фридрих хаан", "Ү Карл хаан " гэх мэт хаадын цол болж "хувирчээ".

ТӨГСГӨЛ

Миний бие энэхүү нийтлэлдээ хэн нэгнийг гутаан доромжлох буюу хийсэн бүтээснийг нь үгүйсгэх санаа агуулсангүй, харин "Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш" гэдэгчлэн эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичээсэй, санаа аваасай гэдэг үүднээс зарим нэг жишээ татаж бичлээ. Эх хэлээ хайрлах, зөв сайхан ярьж, бичих нь монгол хүний бахархал төдийгүй үүрэг байх учиртай гэсэн үүнийг монгол хэл, соёлынхоо төлөө мятрашгүй тэмцэгч, их эрдэмтэн Бямбын Ринчений

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтму

гэсэн гайхамшигт шүлгийн бадгаар төгсгөе.

 

Сэтгэгдэл:


инээх
Бичсэн: Зочин цаг: 12:01, 2010-12-1 | Холбоос | |


"хүүхэд" гэвэл нэг хүүхэд, "хүүхдүүд" гэвэл олон хүүхэд гэж ойлгодог болчихжээ гэснийг ойлгосонгүй. "хүүхдүүд" гэвэл нэг хүүхэд, "хүүхэд" гэвэл олон хүүхэд гэж ойлгох ёстой болж байна уу? rolling eyes
Бичсэн: Mama цаг: 02:58, 2010-5-19 | Холбоос | |


suuliin seegii ntriig haruldg hsgee ungiig n solichmoor yum bishu, haragdhguin,kk
Бичсэн: amulet цаг: 09:49, 2010-3-23 | Холбоос | |


smug
Бичсэн: Зочин цаг: 09:02, 2010-3-23 | Холбоос | |


oird ene bichlegiig dahin dahin unshij bna, ene chigleleer nevtruuleg hiih sanaatai
Бичсэн: cheburushka цаг: 01:42, 2009-8-3 | Холбоос | |


бичгийн хэл гэж юм байна уу?
энэ бичлэгийг уншиж байхдаа инээснээ сая л анзаарлаа.

Буруу бичлэгүүд нь /миний мэдэж байгаагаар/ намайг зугаацуулах гэж байдаг юм биш байгаа.

happy
Багш нарынхаа бичсэн номыг уншиж
байхдаа яг л ярьж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр бичгийн хэлэнд ярианы хэл давхар байх нь уншигчдадаа хэрэгтэй байдаг юм шиг. Мэдээж зөв ярьдаг хүний ярианы хэл. confused
Бичсэн: Зочин цаг: 08:11, 2008-4-9 | Холбоос | |


энэ өөрийн чинь бичлэг үү?
Бичсэн: хундага цаг: 04:20, 2008-2-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant