#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-02-14
МАНАЙ СУРГУУЛЬ

Түүний маргааш нэг дэх өдөр. Даваа гариг. Тэгэхээр эгч бид хоёр сургуульдаа явах ёстой байсан юм.

Би одоо ямар сурагч байснаа ярих болж байна. Ярихад жаахан ичмээр юм. Хорин жилийн өмнө надаас өөр тийм өөдгүй сурагч бараг байгаагүй гэж болно. Одоо бол та нарын дотор ийм сурагч лав байхгүй байх. Байж ч таарахгүй гэдгийг би урьдаас хэлье.

Юуны өмнө би үдэш унтаж өгдөггүй, өглөө босож өгдөггүй сурагч байсан юм. Намайг сэрээж босгох гэдэг өвөө, ээж, эгч гуравт минь амаргүй ажил байсан даг. Гэвч тэд намайг сэрээх өөр өөрийн аргыг бодож олдог байсан юм. Өвөө аягүй л бол халбага хүйтэн ус нүүр лүү минь палхийтэл цутгаад сэрээнэ. Унтаж байгаа хүнд үүнээс илүү аймаар юм байхгүй шүү дээ.

Ээж бол өглөө эрт үхэр малаа аялуулж яваад орж ирүүт хучлагыг минь хуу татаад мөс шиг хүйтэн гараараа нойрмог нүүрийг минь дарж намайг сэрээдэг сэн.

Тэгтэл тэр нэг өглөө эгч намайг шал хачин аргаар сэрээсэн юм. *Дүү минь босоорой, одоо хичээлээсээ хожимдлоо. За босоод ир, нүдээ нээ дээ* гэж чихэнд шивнээд долоовор хуруугаараа миний хэнхдэг гэдэс рүү энд тэнд хатгачиж, гижигдэж мурчигануулсаар байгаад сэрээчихсэн юм. Ийм зэвүүн аргаар сэрээсний нь хариуд би эгчийг нүдээ аньсан чигээрээ хэд цохиж авсан боловч тэр нойтон хамуу шиг салж өгөхгүй *За бос, бос! Эгчийгээ зодсон хүн ийм салга болно. Хараач ийм салга болдог юм* гэж салгалан маяглаж намайг шоолоод болохгүй болохоор би аргагүй нүдээ нээсэн билээ.

Би сэрмэгц орноосоо суга үсрэн босож маш түргэн хувцасласан юм. Өмд, цамц, хамаг юманд товч бараг байхгүй болохоор хурдан хувцаслахад юу байх вэ! Хөвөнтэй цамцаа гадуур нь өмсөж авлаа. Галоштай эсгий гутлаа углаж авлаа. Шалны өр дээр тараагаад хаячсан ном дэвтрээ хамж аваад уранхай цүнхэндээ хийж сугандаа хавчууллаа.

Хоёр хуруундаа уяж чавх хийдэг утсан сундагаа ширдэг дороос сэмхэн авч өмднийхөө халаасанд хийлээ. Бас нэг чухал багажаа мартах шахжээ. Төлдөр ээжийн дэлгүүрийн ширээн дотроос дэгээдсэн хэдэн дардаг хадаастай чүдэнзний хайрцгаа хаа хийснээ санахгүй гайхширч байлаа. Тэгтэл орны ширгүүд хөшигний цаана ханын нүдэнд хавчуулснаа гэнэт саналаа. Түүнийгээ авахаар сэмхэн мяраалаа. Өөрөөр хэлбэл миний нүүр эгч, өвөө хоёрын зүг ээлжлэн хандаж, бөгсөөрөө ухран ширгүүд ойртоод гар минь хөшгийг сэмхэн сөхөж, чүдэнзний хайрцгаа тэмтрэн олж аваад өмднийхөө халаасанд хийлээ.

Энэ үед өвөө сэрүүн боловч нүдээ аниад хэвтдэг зангаараа хэвтэж байсан юм. Эгч баруун хатавчинд очоод угаагуурын дэргэд буруу хараад нүүр гараа угааж байсан юм. Энэ сайхан чөлөөнд би цүнхэнд байдаг ном дэвтэр, үзэг ханадаа, баллуур бэхнээс бусад юмаа бүртгэж авсан юм.

Тэгээд ээжийн надад зориулж аяганд хийсэн идэх юмыг харлаа. Жижигхэн тал еэвэнгээс нь нэг өм хазаад үлдсэнийг нь алимтай нь хамт хөвөнтэй цамцныхаа халаасанд шургууллаа. Орой боссон болохоор одоо идэх зав алга. Ангидаа очоод идэхэд амттай юм шиг санагддагаас гадна алимны үрээр тоглоход ч бас аятайхан байдаг.

Тэгээд хамаг юм бүрдсэн тул гүйгээд гарах гэтэл эгч хөвөнтэй цамцны минь аравч дээрээс нойтон гараараа шүүрээд авчээ.

-Хүүе-ээ, чи нүүр гараа угаагаач! Дандаа л халтар ухна шиг юм сургууль дээр очоод намайг загнуулж байх юм. Ичдэггүй амьтан шүү. Чамайг ээжид хэлнэ шүү! гэж байна.

Би энэ яршигтай ажлыг мартчихсанаа гэнэт санаж, аргагүй нүүр гараа угаах болов. Эгчийн оронд угаагуурын дэргэд очиж буруу хараад усаар гар нүүрээ нэг нэг цавдаж аваад арчуур тийш эргэтэл

Яршиг-аа! Төмөрсүхээ! Чи олигтойхон угаа л даа гэнэ.

Эгч нүүрээ их нямбайлж угаадаг юм. Өглөө болгон ингэж сүрхий угаахад түүний нүүрний улбагар ягаан арьс зулгарчмаар санагддаг сан. Дараа нь эгч гэзгээ самнаж сүлждэг юм. Эгч энэ хар яршигтай олон ажлыг хичээлээс өмнө яаж амжуулдаг юм бол гэж би гайхдаг сан. Түүний нь хараад байхад залхуу хүрдэг юм. Эрэгтэй хүн болж төрсөн нь надад аз болжээ. Хоёр сард нэг удаа үсээ хусуулах ч бас амаргүй. Гэвч өглөө болгон гэзэг самнаснаас хаа зүйртэй юм.

Тэгтэл ээж бас ороод ирлээ.

-Ээж ээ, энэ дүү чинь нүүр гараа сайн угааж өгөхгүй юм. Хүзүү хоолойгий нь хараа. Пад хар. Нүүр нь энүүхэндээ цайраад баг өмссөн юм шиг. Хар аа! гэж ховлов. Би эгчийг дотроо хараах боловч ээж хүрч ирээд хөвөнтэй цамцы минь тайлж авах гээд өнөөх хичээлийн бүртгэлийг минь үзчих бий гэж айгаад бушуухан гадуур хүрмээ тайлж хаяад дахин угаагуурт очлоо.

-Угаагаад өг! Угаагаад өг! гэж эгчид даалгалаа. Бүр ч гайтай юм болох нь тэр. Эгч мөлүүлэх улаан гараараа миний хүзүү хоолойг савандаж угаагаад миний гижиг хүрч, бие арзганан, бас нүд минь аргаад хорсоод ч явчих шиг болов.

-Яршиг-аа, би... Би өөрөө... өө... яасан юм ус! суга руу ус... гэж миний дургүйцтэл ээж:

-Уухай! чи тэгээд эгчдээ ярдаглаад байгаарай гэж зандарлаа. Ээж өвөө хоёр эгчийг өргөмөл юм, бүсгүй амьтан гэж түүнд хир халдаахгүй, гар ч хүрэхгүй. Тэгсэн байтлаа намайг бол дандаа буруутгаж, зодно, загнана. Би ээжийн төрсөн үр нь болохоор намайг яаж ч гомдоосон хамаагүй юм шиг байдаг. Би үүнд их атаархаж *Би өргөмөл хүү нь, эгч төрсөн охин нь байсан болоосой!* гэж боддог байлаа.

Эгч яаж ч байсан хөдлөхгүй, урвайгаад дуугүй номой байдаг болохоор их хүндтэй байх шиг байдаг. Гэвч би тэр хамгийн амархан дуугүй номой байдлаар байж тун чаддаггүй болохоор намайг загнахдаа дандаа л эгчийг жишээ татаж *Чи энэ эгчийгээ хар, хичнээн толгой сайн хүүхэд байна. Гэтэл чи яачихсан заяа нь хаясан хүүхэд вэ!* гэж зэмлэнэ. Иймд би эгчийн нурмагар номой зан, өргөмөл охин гэдэг хоёрт нь шал дургүй хүрдэг байсан юм.

Тэр өглөө би эгчийн гайгаар хичээлээсээ жаахан хоцорсон боловч харин нүүр гар хүзүү хоолойгоо сайн угаасан болохоор ариун цэврийн комисс Нямаагаас айхгүй болсон нэг сайн талтай байв.

Адаг сүүлд нь эгч бид хоёр гэрээсээ гараад, халуун усны зүүн үзүүрээр тойрч төмөр замын далан огтлон сургуулийн гудамж руу орох үед миний нүүр өглөөний жаварт чимчигнэн хорслоо. Нүүрээ сайн угаачихсан болохоор арьс нь нимгэн болчихсон юм шиг санагдлаа. Тэгтэл нэг гайхмаар юм миний санаанд орлоо:

-Эгчээ, хүний нүүр гар хоёр ил явдаг мөртөө яагаад даардаггүй юм бэ гэж сонирхлоо.

-Яах вэ, сурчаад л тэр биз гэнэ.

-Хүн нүцгэн яваад байвал бас сурчихаад даарахгүй дээ, тийм ээ?

-Битгий солиор! Хөлдөж үхэхгүй юу! гэж эгч хэллээ.

*Эгч худлаа хэлчихлээ. Би нүцгэн явж сурах юмсан* гэж бодлоо. Ингэж яваад нэг мэдэхэд сургуулийн үүдэнд ирсэн байлаа.

Манай сургууль Тавын халуун усны хойд дэнж дээр нарийхан гудамжны хоёр талд байдаг юм. Байшингийн дундуур нь гудамж дайраад гарчихсан юм уу гэж та нар гайхаж байгаа байх. Тийм биш. Тэр үед манай сургууль одоогийнх шигээ дөрвөн давхар том байшинтай байгаагүй, харин гудамжны хоёр талд өөд өөдөөсөө харсан хаалгатай хоёр хашаанд байсан юм.

Зүүн хашаа нь цэлгэр. Өвөөгийн зандан хашлага шиг сайхан хүрэн өнгөтэй хоёр дүнзэн байшинтай. Түүний нэг нь гаднаасаа ил. Нөгөө нь хашаан дотроо байдаг юм. Тэр хашааны хаалган дээр гөлмөн төмөр жаазалж, хараар будаад *Нийслэлийн хоёрдугаар дунд сургууль* гэж цагаан тосон будгаар бичсэн гоё хаяг хадаастай байдаг сан. Энэ зүүн хашааны далд дүнзэн байшинд 7 "б" гэдэг ангид эгч сурдаг юм.

Гэтэл би баруун хашааны айлын сууц шиг жижигхэн хоёр цагаан байшингийн баруун талынхад нь 3 "в" ангид хичээл хийдэг юм.Энэ баруун хашаа хаяггүйгээр ч барахгүй, хаалга ч үгүй, зүгээр л нэг онгорхой хашаа. Энд бас сургуулийн түлээ нүүрсийг хураадаг болохоор зарим хүн үүнийг аж ахуйн хашаа гэж ярих дуртай. Ингэж ярихад би дургүй. Би сургуульд сурдаг биш, харин аж ахуйн хашаанд зүгээр л байдаг юм шиг хачин санагддаг. Тэнд хэрэв сургуулийн клубийн том цагаан байшин, захирал багшийн суудаг жижигхэн байшин хоёр байдаггүй сэн бол жирийн айлын хашаа байшингаас огт ялгаагүй болох сон.

Зүүн хашааны тэр хоёр сайхан дүнзэн байшинд намайг огт орж үзээгүй гэж санаж байна уу? Хашааны гадна талд өрөөсөн тал нь харагддаг дүнзэн байшинд багш, хичээлийн эрхлэгч, захирлын өрөө байдаг юм. Би тэнд үе үе дуудагдаж очоод, орж зогсож үзсэн юм. Нөгөө хашаан дотор далд байдаг дүнзэн байшинд бол би орж үзсэнээр барахгүй 1 "б" ангид хоёр жил суралцаж үзсэн гээч!

Намайг нэг ангид хоёр жил сурлаа гэж томчуул, багш нар зэмлэдэг боловч би үнэндээ нэг ангид суугаад байгаагүй юм. Яагаад гэвэл миний улирч орсон нэгийн "б" бол миний анхны орсон 1 "б" ангиас өөр хүүхдүүдтэй, өөр анги байсан юм. Би тэр дүнзэн байшингийн зүүн урд булангийн өрөөнд анх орсон бол улираад түүний харгалдаа баруун урд булангийн өрөөнд хичээл хийдэг болсон. Ганцхан гайтай нь 1 "б" гэсэн хаяг нь хэвээрээ байсан даа. Уранхай хуучин номынхоо оронд шинэ ном авсан боловч ганцхан доторхи юм нь хуучин номтойгоо адилхан байсан болохоор надад нэг их сонин санагдаагүй.

Дараах хоёр жилд нь би хоёрдугаар ангид ороод энэ өөдгүй жижигхэн байшинд хичээл хийсэн юм. 2 "б" гэдэг ангид нэг жил сураад төгсөх гэж байтал надад мухар олгой гэдэг өвчин гэдсэн дотор ургасан юм. Уржнан хавар би тэр гайтай өвчнөөс болоод гэдсээ хагалуулан хичээлдээ явж чадаагүй болохоор 2 "в" гэдэг шинэ ангид орсон.

Хүүхдийн бөөрийг авдаг хүн байдаггүй юм. Харин мухар олгойгий нь авч хаяад гэдсийг нь утсаар оёчдог Хорлоо гэдэг алдарт эмч байдаг. Та нар тэр Хорлоо гуайгаар гэдсээ хагалуулж лав үзээгүй байх. Би бол Хорлоо гуайгаар гэдсээ хагалуулж үзсэнээр барахгүй олон дахин оёулж үзсэн хүн. Хагалахад нь уйлаагүй юм. Харин хэд дахин оёулахдаа л уйлах шахсан даа.

Би манай гэрийнхний хэлдгээр тун зүгээр сууж чаддаггүй жаал байсан болохоор мартаад бөмбөг өшиглөөд юм уу, эсвэл юман дээрээс дэвхрээд оёосоо задалчаад байсан юм. Гэдэсний оёос хөвөнтэй цамцны оёоноос шал ондоогоор урагддаг юм. Тэр оёос цамцны оёос шиг шар гээд ангайчихгүй мөртөө их өвдөөд шар шүүс гоожоод ирдэг юм. Хүний гэдсэн дотор ер нь тийм шар ус их байдаг байх!

Ингэхлээр 2 "в" ангид миний хоёр жил суусанд чухамдаа би өөрөө буруутай биш, тэр муу мухар олгой минь буруутай. Олгойгоо авахуулаад эмнэлэгт найм ес хоног хэвтэхэд манайхнаас дандаа л баавгайтай чихэр, алим боов зөөж авчирч өгөөд байсан. Өвчтэй болохоор манайхан надад эрүүл байснаас минь илүү хайртай болчихсон байсан. Харин хөдөлж гүйж болохгүй нь их хэцүү юм билээ! Уйдаж үхэх шахсан би.

Мухар олгой юунаас ургадгийг та нар мэдэх үү? Самраас ургадаг юм. Би самар идэх дуртай байсан. Самрыг ястай нь идвэл тэр яс нь гэдсэнд ороод мухар олгой болоод ургачихдаг гэж томцуул ярьдаг юм. Тэр үнэн байх! Та нар самар идэхдээ болгоомжтой бай, эс тэгвэл ч аягүй л бол над шиг гэдсээ хагалуулж үзнэ дээ, хүүхдүүд ээ!

Одоо би 3 "в" ангид сурч байгаа юм. Нэг ангид хоёр жил суугаад байхаар залхуутай юм. Би энэ гуравдугаар ангид дахиад суухгүй гэж бодож байна.

Тэр өглөө эгч бид хоёр явсаар байгаад сургуулийн үүдэнд очиход эгч:

-За чи ангидаа оч! Өнөөдөр хичээл дээрээ томоотой суугаарай! Наад нусаа арилга- гээд алчуураа гаргаж, миний хамрыг ханзалчих шахаад шударч арчиж өглөө. Би:

-За гэж эгчид томоотой сууна гэдгээ амласан боловч баруун хашааны задгайгаар орохоор юу болохыг бүү мэд.

Ш. Гаадамба "Багын Явдал" түүвэр өгүүллэгээс.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax