#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-10-16
Хөх даалимбан тэрлэг
Уянгын оршил
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм
Говийн ганц хайлаас адил
Голт зүрхэндээ хайраа хадгалж
Тэнгэрийн хаяанд цэг шиг торойн
Тэр жил би нөхрөө үлдсэн юм
Хүний хүүд хайртайн эрхээр
Хүлгийн тоос зүрхэндээ унагаж
Хүлээх хоногийн эхэн шөнийн
Хүйтэн дэрэнд хацраа хайрсан юм
Өрхний хошуу тэр шөнө
Өрөөсөн даль шиг тоононд хөдөрч
Хоймор буусан сарны туяа
Хоёр хуваасан толь шиг байсан юм
Халх голын дайны түгшүүр
Хамаг сэтгэлд дарамт болж
Алтан нарыг тэрхэн зуур
Алгаар хааж болохоор байсан юм
Амьдралын босго дөнгөж алхсан
Арван найман насанд ингэж
Хаа холоос дарины хаяг
Халуун зүрхэнд хаг хаясан юм
Эр нөхрөө дайнд үдсэн
Эхнэр байхын учрыг хэлэх үү
Энгэр хумисан залуу цагийн
Эхний шөнийн уртыг хэлэх үү
Ороо морь шиг хулжсан нойронд
Орчлон холыг хугацан бодсоор
Өдөлж гүцээгүй цурам ухааны
Өчүүхэн жигүүр цуцаж билээ
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явчсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулыг даваад явчсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явчсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явчсан юм

Уянгын өрнөл
-Цэвэрхэн хүүхнүүд үрээ тэврээд
Цэцгэн дундуур нөхрөө үдсэн юм
Цэргийн хүүд хайраа өгөөд
Цэнхэр уулсаа түшээд үлдсан юм
Олон эхнэр зүрхээ дараад
Онгон талаар ханиа үдсэн юм
Орон гэрээ өөд нь татаад
Одот тэнгэрээ өргөөд үлдсэн юм
Өглөө нь харин үүр цүүрээр
Өрхөө би цэлийтэл татаад
Өөдөлж яваа айл байг гэж
Өрдөн өрдөн галаа түллээ
Хадам аав хяраанаар ирээд
Хар чийгэнд эмээлтэй нь уясан
Унаа хөтлөө хоёр морь
Уяан дээр чичрэн байлаа
Миний нөрхийн наадамд унадаг
Мичид сартай хонгор морь
Намайг хараад үүрсэм болсноо
Найман ганзага цацлан шилгээв
Энэ бид хоёр л адилхан
Эзнээ үгүйлжээ гэж бодоод
Эмээлий нь авч нуруугий нь амраан
Эрдэнийн сайхан толгойгий нь илэв
Сайн морь эзнээ гэдэг юм
Санаа дагаад ч тэр билүү
Сажихын төдий нэхэн харвал
Сайхан нүд нь нулимстай байлаа
Тэсгэл алдсан сэтгэл гэдэг
Тэгтлээ амархан уулзах юм шиг
Тэнгэр өнгөтэй цэнхэр даалимбаар
Тэр өдөртөө тэрлэг эсгэлээ
Эрдүү өргөн цээжий нь бодож
Энгэр юугий нь цээлхэн тавьлаа
Эрэгцээ морины эргээ бодож
Элбэг сайхан ташаа тавьлаа
Уургын уртыг барина хэмээн
Уужим сайхан суга тавилаа
Уулын жавар унана хэмээн
Унаган туурай нударга тавьлаа
Улаа бутарсан царайгий нь бодож
Ухаа торгоор эмжээ билээ ...
Удаан өмсөх эдэлгээ бодож
Ураа гарган шаглаа билээ
Унгах нойроо хагаслан байж
Унаган өндгөө татган байж
Уяран баясан суугаа билээ
Торгоны үйл биш ч гэлээ
Тоостой газар тавиагүй билээ
Той хуримынх бус ч гэлээ
Тостой гараар бариагүй билээ
Эргээд ирэх өдрийг хүлээж
Эвхэн эвхэн тавиа билээ
Эр нөхрөө санах цагтаа
Эргэн эргэн үзээ билээ
Цэвэрхэн хүүхнүүд үрээ тэврээд
Цэцгэн дундуур нөхрөө үдсэн юм
Цэргийн хүүд хайраа өгөөд
Цэнхэр уулсаа түшээд үлдсэн юм
Олон эхнэр зүрхээ дараад
Онгон талаар ханиа үдсэн юм
Орон гэрээ өөд нь татаад
Одот тэнгэрээ өргөөд үлдсэн юм

Уянгын буцалт
-Галын шугаманд цэргийн зүрх
Ганцаараа байх ёсон байхгүй
Дайны талбарт гэргийн зүрх
Дайчин нөхрийнхөө цээжинд явдаг юм
Эр цэргийн эхнэр гэдэг
Эмэгтэйн төдий нэрийг хэлдэггүй
Хортон дайсны сум онодоггүй
Хоёр амины нэгнийг хэлдэг юм
Эгэл цэргийн ар гэрийн
Эх орон харж байдаг юм
Хэрвээ зөрчвөл урвасанд тооцох
Хэвлээгүй хууль бас байдаг юм
Үүнийг би хүндлэн сахиж
Үүр шөнөөр хүлээж байсан юм
Үеийн олон хүүхнүүд цөм
Үнэнч хэвээр хүлээж байсан юм
Хаврын нуур шиг алдрах насаа
Хайлган хайлган хүлээж байсан юм
Хангайн согоо шиг ариун биеэ
Хадгалан хадгалан хүлээж байсан юм
Намрын хонгор салхин дунд
Найган найган хүлээж байсан юм
Намираа хурыг санан гансрах
Навч шиг гансран хүлээж байсан юм
Тэгэвч бид фронтын ар талаас
Тэмцлийн тэнхэлийг түшиж өгсөн юм
Амьдралын их хувь заяаг
Айл бүхэнд авч явсан юм
Халх голын ус тэгэхэд
Хамаг олны зүрхэнд урсаж
Харийн дайсанд өргөн далайж
Хат аагисан илд болсон юм
Зүрхэнд урссан тэр голын
Зүүн баруун хоёр эрэг
Үүнэн худлын завсар татсан
Үүрийн туяа шиг зааг байсан юм
Цээжин дотор бөмбөг нижигнэж
Цэрэг эрсийн алхаа нижигнэж
Хүний түшүүрт сэтгэл дотор
Хүнд танкийн мөр гарсан юм
Аль нь вэ гэдэгт эргэлзээгүй ч
Атгаг сэтгэл намайг ээдрээж
Амь эрсэн суман дундах
Амраг нөхөртөө зовж явсан юм
-Галын шугаманд цэргийн зүрх
Ганцаараа байх ёсон байхгүй
Дайны талбарт гэргийн зүрх
Дайчин нөхрийнхөө цээжинд явдаг юм
Эр цэргийн эхнэр гэдэг
Эмэгтэйн төдий нэрийг хэлдэггүй
Хортон дайсны сум онодогүй
Хоёр амины нэгийг хэлдэг юм

Уянгын тайлал
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад ирлээ
Цээжин дотор учрал зарлаад
Цэнхэр уулыг даваад ирлээ
Олон эрчууд дайснаа дараад
Онгон талаар давхиад ирлээ
Орон гэртээ зайгаа эзлээд
Одтой адил харваад ирлээ
Халагдаж ирэх цэргийн сургаар
Хадам аав сумын төв уруу
Унаа хөтлөө хоёр морьтой
Улсын түрүүнд давхиад явчлаа
Хөөрөн сэнсрэх сэтгэл гэдэг
Хөл газар хүрэхгүй дэрвэж
Хөв чийгий нь эгшээн тавихаар
Хөх даалимбан тэрлэгээ гаргалаа
Урд хормойд нь унага даага гэж
Урдаас дугтарч оёосы нь тавилаа
Хойт хормойд нь хонь хурга гэж
Хойноос нь дугтарч хаваасы нь тавилаа
Дотоод хормойд нь тос өөх гэж
Дороос нь дугтарч шидээсий нь авлаа
Эзгүй байхад нь хийсэн юм гэж
Эцсийн учгаа хатгаж авлаа
Салаа гэзгээ дагнан сүлжиж
Сар сувдан даруулга зүүлээ
Цайны дээлээ нөмгөн өмсөж
Царай зүсээ тольдон заслаа
Үдэш эртхэн хажуулаг гэж
Үнээ малаа эртхэн саалаа
Хонгор хүүгий нь цэвэрхэн хувцаслаж
Хоёрхон усаар тогоо авлаа
Тэгтэл ... нар шингэсэн хойно
Тэртээгээс хадам аав ганцаар
Эмээлтэй морь хөрөлсөн чигээр
Эргэж ирээд уяан дээр буулаа
Гэр лүүгээ нэг явах гэснээ
Гэнэтхэн зог тусаж хэсэг зогссоноо
Хонгор морины эмээлийг авч
Хоёр бүүргэнд хазаарыг сойлоо
Үеийг эзэлсэн буурал хайлаас
Үндэс тасран гуйвалж байх шиг
Сүртэй өвгөн эмээл тэвэрсээр
Сүүдэр шиг нааш айсуй хайрагдлаа
Гэнэтхэн миний дотор пал хийж
Гэртээ орж гэрэл барилаа
Айсан туулай шиг дүрлийн гайхаж
Аавын өөдөөс дуугүй ширтлээ
Аав ч бас таг дуугүй
Асга царай нь тас харанхуйлж
Төөрсөн гар нь эмээлээ алдахуй
Төмөр дөрөө нь ёолон харшлаа
Хөл дорхи газар дайвж
Хөх ногоон улаанаар эргэж
Хүний орчлонд барьц алдахдаа
Хүүгээ л би тэврэн авлаа
Эрлэг дайны хүйтэн савар
Эвдэрсэн сэтгэл тэмррэх цагт
Ямар их хүнд үнээр
Ялалт ирснийг бид мэдлээ
Хагацалд үерлэх халуун нулимс
Харуусал тайлж хүрдэггүй билээ
Хамгийн сүүлчийн буун дуунаар
Хар дайн дуурдаггүй билээ

Уянгын үргэлжлэл
-Халх голын дайн зөвхөн
Халх голын дайн байсангүй
Хайртай бүхнээ дайснаас өмөөрсөн
Хамаг ардын дайн байлаа
Эгэл миний амьдрал дундуур
Эзэнгүй дээл орхиод явлаа
Дайчин нөхөр минь дахиад ирэлгүй
Дайныг үүрд аваад явахдаа
Өөрөө хэдий амиа алдсан ч
Өрөөл бусдад амьдрал өгсөн юм
Уулс ус цэцэг навчинд
Урдын нь сайхан өнгө бүрдэж
Улмаар мандан ялж гарсан
Улс орон уйтгар тайлсан юм
Явсан замыг нь залгаж авах
Яргуй алаг үрийг нь бодож
Янаг түүнийхээ мөнгөн эмээлийг
Яргай ташуурт нь шондож тавилаа
Хүлгийнх нь тоосыг орчлонд өргөж
Хүслийг нь гүйцээх хүүэйг бодож
Урсан хатсан хөлсийг хусаж
Унаган хонгорыг нь адуунд тавьлаа
Энгэр дээлийн энд хүрэх
Эзэн тэнгэрт хүүтэйг бодож
Хөх даалимбан тэрлэгийг нь эвхэж
Хүүд нь тавьж авдранд хийлээ
Эцгээ дууриасан хүүтэй болохоор
Эзгүй гэр минь дүүрээд ирсэн юм
Үүлэн сүүдрээс ч биеэрээ хааж
Үрийн бүүвэй дуулдаг болсон юм
"Адуучин аавын хүү билээ
Агтын тоосонд төрсөн билээ
Алимнаас ургасан алим билээ
Аминаас ургасан амь билээ
Саальчин ээжийн хүү билээ
Саальтай энгэрээс унасан билээ
Саргүй шөнийн саран билээ
Сартай шөнийн наран билээ
Далай баян орныхоо төлөө
Дайчин аав нь дайнд явсан юм
Дайсан дарсан дархан цолтой
Дарь үнэртсэн аав нь унасан юм
Хүү нь өсөж том болоод
Хүрэн тасын жигүүр ургана
Хүлэг морио тэнгэрт сойж
Хүний хүслийг газарт бүтээнэ
Аавын үгүйд аав болсон
Ард олноо хайрлаж яваарай
Асар их үнээр олдсон
Аз жаргалаа хамгаалж яваарай"
Эр нөхөр нь ирсан ирээгүй
Эх бүхэн тэр цагт
Өнөө үеийнхэнд энэ бүүвэйг
Өвөр дээр нь дуулж өгсөн юм .
Д.Пүрэвдорж
Сэтгэгдэл:


баяртай байна баяртай байна улайх улайх гоё шүү хайртай тормолзох rolling on the floor loser алга ташилт алга ташилт rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 17:31, 2010-11-02 | Холбоос | |


пдолпдлдплп






лдодлолдодлолдолд


олдло
ууртай
Бичсэн: Зочин цаг: 17:31, 2010-11-02 | Холбоос | |


энэ кечуп иүки 2 сайн сэтгэхиймаа алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 23:00, 2010-01-13 | Холбоос | |


аягатай цай минь нэгэнт хөрчихжээ
амраг хайрт минь бас л алга
алдрай үр минь үнэгчилэн нойрсоно
аавыгаа ингэхэд үгүйлдэг болов уу

наран мэт мишээсээр
найман цагын ажлаа дуусгаад
нарийлж харамлалгүй утас цохих
нандин амлалт үлдээсэн юмсан

ажлийн хүндэд дарагдаж ядраад
амлалт үлдээснээ мартчихсан юм болов уу
хариу өгөх чинь улам л холдоод
хагацлын зовлондоо дасчихсан юм болов уу

ээжийнхээ шаналанг мэдэрсэн үү гэлтэй
энхрий үр минь часхийн орилов аав нь ингэхэд зүгээр байгаа даа

Бичсэн: ketchup цаг: 11:05, 2008-12-13 | Холбоос | |


Амраг таныхаа сэтгэлийн үгийг
Алгасалгүй уншиж дуусгалаа найз нь
Аргагүй та минь эр хүн болохоор
Алсын хараатай сэтгэх юм даа

Хүний нутгаас хийсэж ирсэн
Хүйтэн ховын үгэнд итгэж
Хүрэн зүрхээ сэвтээх шахсан
Хүүхэн намайгаа уучлаарай та

Хоёр биендээ нялхран жаргах
Хоног өдрүүдийг хүлээн сууна аа
Хос хоёрын зуурдын хагацлыг
Хойч үе минь бүү давтаасай

Ажилдаа яваад ир дээ амраг минь
Алдрай үрээ эрхлүүлэн хүлээе
Бичсэн: ketchup цаг: 08:53, 2008-12-11 | Холбоос | |


Ажилдаа явлаа

Хүүхэн хонгор Кээчмаа минь
Хүлээж байгаарай намайгаа
Найман цагийн ажилаа дуусгаад
Наран гийтэл мишээсээр
Бүсгүй чамайгаа үгүйлсээр
БлогМн-ээр оржирнээ...

Гэснээс Атилла сайн уу?
Бичсэн: yuki цаг: 08:38, 2008-12-11 | Холбоос | |


Хүүгийн эцгээс Хүүгийн эхэд бичсэн нь:

Хайрт минь чи сайн уу?
Хань нь энд сайн байгаа
Халуу дүүгсэн гэртээ
Ханхайн суухыг мөрөөдөж
Харлах, турахыг эс тоон
Халуун хүйтнийг анзаарах завгүй
Амраглал цэнгэлийг хойш тавин
Ажлын хүндээс шантрахгүй
Арав таван цаасаа хурааж
Аанай л та хоёрыгоо бодсоор
Амрах зууртаа үгүйлсээр
Аялах дуундаа уярсаар
Хүний хүүхэнд сэтгэлээ талбилгүй
Хүүгээ санахдаа зургийг нь харж
Хүлээж байгаа төрхийг нь дүрсэлж
Хөтлөөд явах боломжгүй хоногууддаа
Хүлэх чихэр, хүртэх жаргалыг нь дутаахгүй гэж
Эр биеийн чансааг шалган
Эхнэр чамдаа үнэнч байгаа.
Элдвийн хүний хуурмаг үгэнд
Ээ дээ чи минь хууртав даа
Энэ хорвоод чи бидэн
Эрдэнэ шүү дээ хоёрхон биендээ

Бие холдвол сэтгэл холдоно гэж
Битгий бодоорой миний хань

Чи минь надад итгэдэг шиг
Чамдаа ч би итгэдэг шүү

Ирээдүйн сайхан амьдралын төлөө
Итгээд л зүтгий хамтдаа
Бичсэн: yuki цаг: 08:36, 2008-12-11 | Холбоос | |


мүахахаха. эцэг болчихоод эхнэрээсээ захиадал авахсан.

хүүхдийн эцэгүүдэд хэлэх үг бол байна л даа. ингэж хэлж болох юм. эхлээд солонгос энэ тэрд ажилладаг гаруудад эхнэрүүдээс нь ааахахахаха. ажлийг ч сайхан хийдүүлж байна даа өнөөдөр.

Хүүгийн эцэг чи мэнд уу
Хүүхэн миний бие сайн
Хүнд ажилд дарагдаж байна уу
Хүрлийтлээ харлаж турсан гэх юм. энэ үнэн үү

Чи минь яваад жил боллоо
Чилийсэн олон хоногууд өнгөрлөө
Чиний үгүйд эх орон чинь эзгүйрч
Чин-гийн удмынхан олшироод байна аа. Энэ үнээн.

Ахуй амьдралаа өөд нь татах гэж
Алсад анх мордсон юмсан
Айлын хүүхнүүдэд толгой мэдүүлээд
Амраглаж хэвтдэг сураг дуулдлаа. Энэ үнэн үү.


Бичсэн: ketchup цаг: 08:13, 2008-12-11 | Холбоос | |


Хүүгийн эцэгт бичсэн захидал уу кечапаа tongue
Бичсэн: Зочин цаг: 07:52, 2008-12-11 | Холбоос | |


Дооорнын тээнгэрт утааа мааанараааад
Доооовтлох дайснаас сэрэмжлэн сэрэмжилсэээр...
Бичсэн: yuki цаг: 07:47, 2008-12-11 | Холбоос | |


Нэг хэсэг маний багад авгай хүүхнүүдийн зүрхэнд нулимс хуруулдаг найраглал байсан юм гэдэг. Жагдаг гуай уншдаг байлуу. Өөрөө хүртэл нулимс нь чийгтчихсэн л уншдаг байсан. дайн, хагацал, зовлон гэж болдогсон бол бүгдийг нь нуучих юмсан... кк.
Бичсэн: ketchup цаг: 07:45, 2008-12-11 | Холбоос | |


Кэчупаа сэтгэлээ барь, хар үүрээр уйлах чэн дэмийшт
Бичсэн: yuki цаг: 07:43, 2008-12-11 | Холбоос | |


Хөх даалимбан тэрлэг гэдэг гурван үгийг харахаар л нэг хөгийн дурсамж сэргэх. Найм есдүгээр л анги байсийм уу даа. Хэл уран зохиолын багш Чимэд гэж тавь нэлээд гарсан багш авгай байх. Хүүхдэрхүү ааштай, зөөлөн ааштай болохоор нь хэлсэн үг бүрийг нь мушгин гуйвуулж мань мэтийн хэсэг нөхдүүд их элэг барина аа. Үгүй мөн ч их зовоодог байсансан. Нэг өдрийн хичээл дээр Пүрэвдоржийн хөх даалимбан тэрлэгийн тухай үзэхээр болов. Би хамгийн урд суудаг ухаантай. Багш ч хичээлээ зааж эхлэв би ч жаахан жаахан явуулаад л ард хүүхдүүд нэрх нэрхийтэл инээлдээд л. Тэгж байтайл багш дээрхи зохиолтой холбоотой нэгэн дуу гээд амнаасаа унагчихав. Би яахав сонсоё л гэсэн. Багш ч инээж л байна. Тэгж байгаад дуулсан юм.
Адуучин аавын хүү билээ
Агтын тоосонд төрсөн билээ
Алимнаас ургасан алим билээ
Амьнаас унасан амь билээ...

Ямар сайхан дуулсан гэж санана. сэтгэлээсээ. Дууны үгийг нь бичүүлж байгаад маргааш нь л гэхэд цээжилчихэж билээ. Тэр өдрөөс хойш тэр багшийг элэг барих нь миний хувьд лав үгүй болсон юм.

/шинэ үсгийн багш дээр биестэйгээ таардаггүй авгай хүүхэн хоёр адагтаа ганцхан дуун дээрээс болж биесээ ойлгодог, эвлэрдэг хэсэг байдаг даа. аа яг л тэр чинь шүү дээ. ккк.
Бичсэн: ketchup цаг: 07:38, 2008-12-11 | Холбоос | |


big grin
Бичсэн: zula цаг: 00:35, 2008-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax