#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-10-23
Э.Бат-Үүл: Найман оны сонгууль

2008 оны Улсын Их Хурлын, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиуд Монгол Улсын хувь заяаг сорьсон сонгууль байх болно

2003 онд болсон УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгууль, саяхан явагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 37 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үйл явцыг хүмүүс хараад багагүй шоконд орсон биз. Олон сонгогч эрээ цээрээгээ алдан мөнгө өгсөн хүнд саналаа өгч байв, өөрөөр хэлбэл саналаа худалдаж байв НИТХ-ын 37 дугаар тойрогт бүр цагаандаа гарсан. Уулзалт муулзалт бараг болсонгүй, хүн цуглаагүй. Нэр дэвшигчид сонгогчдод бэлэн мөнгө тараагаад, харин түүн дээр нь “Хонгилдон” үзэх аятай пиг оочирлоод хэрүүл, уруул хийх нь сүртэй байв. Судалгаанаас үзэхэд сонгогчдын саналаа өгөхдөө баримтлах зарчмууд дотроос гар цайлгасан хүнд саналаа өгнө гэсэн зарчим тасархай хол түрүүлж 45 хувь хүрчээ. Ер нь сонгуулийн үед, Ромын борчуулын алдарт “Зөвхөн талх ба зугаа цэнгэл” уриа дуудлага Монголын тал нутагт амь ороод ирдэг болсон юмуу даа. Айл өрх мөнгөөр мялаалгана. Архичид архиар тасрахаа болино. Залуучууд шоугаар тасрахаа болино. Авгай хүүхнүүд бэлэг сэлтээр тасрахаа болино. Ахмадууд амралт сувиллаар тасрахаа болино. Нэр цуутнууд хөлс урамшуулал, одон медалиар тасрахаа болино. Сонгогчид унаагаар дутахаа болино. Оюун ухаан ноолууран цамцанд дарлагдана. Эрдэм мэдлэг “Хараа”, “Ерөөл” архинд дээрэлхүүлнэ. Улс төрийн бодлого демагогид баалуулна. Зарчим, ёс суртахуун засдаг занд идүүлнэ. Ингэж люмпэнжсэн олон түмэнд эргээд хэн тэднийг засаглаж, юу уруу чирэх нь ёстой падгүй, тухайн үед саналаа үнэ хүргэж зарж чадаж байвал болдог аж. “Гарын мөнгөгүй ирвэл саналаа алдана шүү” гэдэг мэргэн үг манайд бий болсон байна. Ийм нөхцөлд 2008 болоод 2009 оны сонгууль болох нь ээ!

2008 оны УИХ-ын сонгуульд бэл бэнчиндээ найдсан маш олон бизнесмэнүүд нэр дэвшиж өрсөлдөнө. Тэд Монголын тал нутгийг там болтол үзэлцэх бололтой. Энэ ч бага аюул. Хамгийн ноцтой нь Таван толгой, Оюу толгой, Шивээ Овоо мэт Монголын их баялагт шунасан Хятад, Оросын компаниуд энэ “зодоонд” санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын улс төрийн амьдралд далдуур оролцон өөр хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Хятадын компаниуд ялах илүү магадлалтай. Өнөөдөр Монголд БНХАУ-ын 2900 орчим аж ахуйн нэгж 900 гаруй сая долларын хөрөнгө оруулаад байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд авлигын нийлүүлэлт хийх хамгийн том суваг бөгөөд түүнд оосорлуулсан улстөрчид цөөнгүй болсон. Хятадын хөрөнгө оруулагчид бийлэгжүү, зан ааш эерхүү тул тэдэнтэй хамтарч бизнеслэх сонирхол олон монголчуудад нэгэнт бий болоод байна. Ажил хэргийнхний хүрээллийнхэнд хятадууд үлэмж нөлөөтэй болсон. Тэгвэл, Таван толгойг үнэд орсон хойно нь гэнэтхэн Монгол байдгийг санаад ойрмогхоноос эргэн ирж буй Оросын олигархи бэл бэнчин цар хүрээгээрээ хятадуудтай өрсөлдөж чадахгүй. Оросын уламжлалт нөлөө ч сүрхий суларсан.

Өрнөдийн том компаниуд Монголоос олдсоор буй ашигт малтмалын их нөөцөд Хятад, Оросын компаниудаас дутуугүй шунаж байгаа боловч тэдэнтэй өрсөлдөх боломж бараг байхгүй. Монголд асуудлаа шийдүүлдэг гол хэрэгсэл нь авлига. Гэтэл Өрнөдийн компанийн хувьд цаад төрөөс нь авлига өгөхийг хуулиар хатуу хориглосон байгаад зогсохгүй авлигатай орооцолдсон тухай дуулбал хөрөнгө оруулагчид нь хөрөнгөө татах (хувьцаа нь унах) аюултай байдаг. Жишээ нь, 2002 оны есдүгээр сард Японы Мицүи буссан компани Монголын Дэд бүтцийн яамны газрын даргад найман мянган америк долларын авлига өгсөн хэрэгт холбогдон нэг ажилтан нь шоронд орж, захирлууд нь огцорч, хувьцаа нь унасан: 2006 оны намар, Германы Сийменс компани Ази, Африкийн олон оронд үйл ажиллагаа явуулах үедээ их хэмжээний авлига өгсөн хэрэг нь илэрч менежерүүд нь шоронд орж, захирлууд нь огцорч, хувьцаа нь унасан, одоо ч энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр буй.

Ийм хатуурхал байхад Өрнөдийн компаниуд манай хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжин сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэн захиа даалгавар өгөөд явж байх зүрх байхгүй. Харин Хятад, Оросын компаниудад ийм зүрх бий, тэдэнтэй хариуцлага тооцдоггүй учир.
За, ийнхүү бодож үзвэл 2008 оны УИХ-ын сонгуульд мөнөөх саналаа худалдах сонгогчдын 45 хувийн уршгаар Хятад түншийн захиа даалгавар, өөрийн хувийн бизнесийн зорилгыг өвөртөлсөн хүмүүс ялж УИХ-д орж ирнэ.

Буянгийн Жаргалсайхан, Эрэлийн Эрдэнэбат, Симбагийн Батаа гэдэг шиг, компаниудаараа овоглосон бизнесмэн гишүүдтэй шинэ УИХ-ын нэн тэргүүнд яаравчлан хийх ажил нь Таван толгой зэрэг Монголын стратегийн ордуудыг ашиглах эрхийг Шинхуа, Лүнин зэрэг Хятадын төрийн өмчийн гигант компаниудад өгч тогтвортой байдлын гэрээг батлах явдал болно. Ийм ажлын эхлэл нь Улаан гишүүний лоббидож өгсөн Төмөртэйн цайрын орд байсан билээ, одоо Түлш, эрчим хүчний яамны сайд Эрэлийн Эрдэнэбат Шивээ овоог Лүнин компанид өгөхөөр шургуу хөөцөлдөж байгаа явдлаар үргэлжилж байна. Хятадын гигантууд олон тэрбум долларын хөрөнгө оруулалтаа шуурхайлна. Аварга том тоног төхөөрөмжүүдээ оруулж ирнэ, барилга байшин барина, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Энэ ажлыг хийхээр олон арван мянган ажилчид орж ирнэ. Ийм зөвшөөрлийг “Монголчууд хэзээ ч ажил хийж чадахгүй” хэмээн Буд гишүүний хэлсэн шиг мангар шалтаг заан, УИХ тухайн үед олгоно.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Энхсайхан, Наранцацралт тэргүүтэй Үндэсний Шинэ намаас нэр дэвшсэн нэр дэвшигч, нэгэнт Монголд байр сууриа олоод эхэлсэн Хятадын гигантуудын санхүүгийн дэмжлэг, эдийн засаг улс төрийн нөлөөнд дулдуйдан ялна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч даан их удалгүй парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих шаардлагатай тухай Энхсайханы шинэ улс төрийн бодлого гээчийг хүчтэй сурталчилж эхэлнэ.

Парламентын засаглал хариуцлагыг тодорхойгүй болгож байна, хариуцлагаа үүрсэн Ерөнхийлөгчтэй үед төр шиг төртэй болно, төр шиг төртэй болсон цагт нийгэмд дэг журам тогтож хөгжих чиг зөв болно гээд цөөнхийн дарангуйлагч дэглэмтэй Хятадын хөгжлийг үлгэр жишээ болгон ухуулна. Мэдээллийн хэрэгслүүдийг авлигадан ухуулга сурталчилгаандаа ашиглах санхүүжилтийг хятад компаниуд гаргана. Тэд бас УИХ дахь түншүүдээ ятгаж элсүүлэх ажлыг хийнэ. УИХ-ын хэсэг гишүүн эсэргүүцэх боловч зарим нь өөрсдийн хариуцлагагүй хөнгөн хуумгай “байсны гайгаар авлигын хэрэгт холбогдон шоронд суухдаа хүрнэ. Уг үлгэр жишээ бүгдийг айдаст автуулж амыг нь үднэ. Ингэсээр Ерөнхийлөгч санасандаа хүрч Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоно. Эрх мэдлээ олж авсан Ерөнхийлөгч Монголын Ардчилсан нам, МАХН хоёрыг улс төрийн тавцангаас зайлуулах довтолгоог эрчимтэй эхэлнэ, юу гэвэл тус хоёр нам компанийн захирлууд эсхүл улс төрийн орон зай хайгчдын үүсгэн байгуулсан нам бус, Монголын тусгаар тогтнох хүсэл зоригийн дуудлагаар бий болсон намууд учраас Хятадад тал зассан бодлогыг зөвшөөрөхгүй. Гэвч, Ерөнхийлөгчөөс айсан МАХН, АН-ын УИХ-ын гишүүд түүний талд урваж янз бүрийн шалтаг заан нам руугаа эргэн дайрч намаа самарна. Ерөнхийлөгчийг тойрсон, улс төрийн хүчний шинэ хуваарилалт явагдана. Ийнхүү Ерөнхийлөгч, Путины “Единий Россий” нам шиг, урвагчид, албан тушаал горилогчдоос бүрдэх, маш хүчирхэг өөрийн намтай болно. Хятадуудын шилжин суурьших урсгал үргэлжилсээр байна. Чингэс хааныг Хятад-Монголын үндэсний баатар хэмээн өргөмжилж эхэлнэ. “Гадаад Монголын тусгаар тогтносон нууц” хэмээх ном орчуулагдан гарна. Мөн үүнтэй ижил утгатай судалгааны бүтээлүүд хойно хойноосоо цувран гарна. Шинэ төрийн энэ мэт олон балмад үйл ажиллагаа үндсэрхэг, үндэсний үзэлтнүүдийн тэсгэлийг бараад ирэхийн цагт жам ёсоороо бослого гарна. Магадгүй С.Хантингтон “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” хэмээх цууд гарсан номондоо “Хятадын протекторатыг эсэргүүцсэн бослого Монголд гарна” гэсний учир энэ байх. Гэхдээ хятадууд глобал дайн өдөөгөөгүй тохиолдолд монголчуудын бослогыг ямар ч гүрэн, тэр дотроо Орос илт дэмжиж чадахгүй. Бас, хэрэг явдалд Хятад улс шууд хөндлөнгөөс оролцоогүй тохиолдолд бослогыг дарах нь Монголын дотоодын хэрэг, шинэ төрийн өөрийнх нь хийж буй хууль ёсны гэгдэх үйл ажиллагаа байна. Ардчиллыг нухчин дарлаа гэдгээр АНУ, Европын Холбоо Монголын эсрэг эдийн засгийн хориг тавих зэрэг арга хэмжээ авлаа ч гэсэн Монголын эдийн засаг Хятад “ахаас” хамаарах тул Засгийн газар нь түүнийг үл тооно. Тэгээд бослого 32 оных шиг дарагдаж, ичсэн хүн хүн ална гэгчээр үүнийг хийсэн шинэ төрийн эрх баригчид Хятадын эрх баригчдын вассалууд болж Монгол Улс БНХАУ-ын протекторат буюу дагуул улс болмой. Үүний дараа хятадуудын Монголд шилжин суурьших явдал үлэмж идэвхжинэ, БНХАУ-д 200 сая гаруй хүн ажилгүй, мөн тариа тарих эрүүл газар маш их хэрэгтэй байгаа. Өнөөдөр Төвд рүү өдөрт дунджаар дөрвөн мянган хятад айл шилжин суурьшиж байгаа мэдээ байдаг, харин зөрүүлээд төвдүүдийг Хятадын төв нутагт газар олгон шилжүүлж байгаа. Хятадчилагдан буй байдлыг хүлцэж тэвчихгүй зарим аймаг угсаатан салан тусгаарлаж Монгол Улс задарч мэднэ. Сонгогчдын саналыг худалдаж авахаас эхлэлтэй авлигаар дамжсан сонгуулийн хэрэг явдал даамжирсаар ийм болжээ! Авлига Монгол орныг нураана гэдэг төсөөлөл энэ буюу. Төсөөлөл маань өөрийн орны ба бага буурай орны түүхэнд түгээмэл тохиолдож байсан хэрэг явдлуудаас ургуулсан төсөөлөл билээ.

Зүүд

Зуны нэгэн сайхан өдөр Баабар бид хоёр Шадивлан зусланд алхаж явна гэнэ. Гэтэл зуслангаар дүүрэн хөх, ногоон хувцастай хятадууд холхилдох бөгөөд зарим нэг нь цээж нүцгэлэн наранд ээж суух юм гэнэ. Үүнийг харан гутаж барайсан царайтай бид хоёр явсаар мухлагийн цонхонд очоод юм авч байхуйд бачимдаж бөглөрсөн Баабар гэнэт тэсгэл алдан “Энэ орны чинь эзэд бид байна” гэх зэргээр хашгичин мухлагийн худалдагч хятад авгайтай чангаар хэрэлдэж хуурай агсам тавих аж. Тэгж байтал зуслангийн гол замаар өгсөн цагаан өнгийн жийп машин тоос татуулан давхисаар бид хоёрын хажууд ирж зогсвол Сосорбарам бууж ирж байна. Тэрбээр “Бие сая Увсын Хархираагийн нуруу, Онон, Хэрлэнгийн голоор яваад ирлээ, Хархираан хөндий, Онон, Хэрлэнгийн ай саваар дүүрэн хятадууд суурьшаад газар хагалан тариа тарьчихаж. Одоо яах вэ?” хэмээн хашгиран хэлээд хөсөр суун цурхиртал уйлах юм гэнэ. Би түүнийг хараад “Энэ маань уржигдар надад хөдөө явлаа гээд гарсан, хэзээ завандаа хаа байсан баруун тийш Хархираагаас давхиад зүүн тийш Онон, Хэрлэнгээр орж ирж амждаг байна аа” гэсэн шүү зүйл бодоод үзтэл нээрээ Санзай ам хүртэлх Сэлбийн гол өгссөн хөндий, хойд зуслангийн амуудаар хятадууд шавааралдан зусаж байх ажээ. Ашгүй сэрж энэ бол миний хар дарсан зүүд байжээ гэдгийг мэдээд туйлгүй баярлав. Надад бурхнаас заяасан тоонот эх орныхоо элгэн дээр, Баянбулагийн зуслангийн байшиндаа унтаж байсан ажгуу.

Ардын Их Хурал

Миний төсөөлөл олон хүнд утгагүй дэмийрэл мэт санагдах буй заа. Үнэхээр тийм бол сайн байна. Гэхдээ авлигад идэгдсэн Монголын төр биднийг хааш нь ч чирч мэднэ гэдэг бол үнээн. Ийм үед учирч болзошгүй муу хэргийг тааварлах гэж оролдоход гэмгүй. Ядахдаа муу зүйлээс урьдчилан сэргийлэх санаа төрнө.

Манай Үндсэн хууль маш сайн Үндсэн хууль. Гэхдээ улс төрийн өндөр соёл, ёс суртахуун, эх орноо гэх эр зориг шаардсан Үндсэн хууль юм. Гэтэл манай улстөрчид улс төрийн соёл, ёс суртахуун нэн дорой, ЗХУ-ын дарангуйлалд байх цаг үед хэлмэгдүүлэлтэд нэрвэгдсээр байгаад аймхай, тэтгүүлсээр байгаад гуймхай болсон байснаа зах зээлийн үед хувийн ашиг сонирхлоо тэргүүлэн боддог нахааль болцгоосон улс билээ. Нөгөөтэйгүүр, өнөө үед олон сонгогчид саналаа худалдах муу зуршилтай болсон тул, хэрэвзээ сонгуульд үздэг юмаа гээд төсөөлөн харахуйд Чимид гуай шиг тулхтай ясны төрийн ахмад түшээ асангууд, адайр гөжүүд боловч эх орноо гэх чин сэтгэлтэй өндөр боловсролтой Баабар, Даш-Ёндон нарын мундагчууд сонгогдох шанс эргэлзээтэй, Батчулуун доктор, Аюурзана яруу найрагч зэрэг гайхалтай бодьгалчууд болоод философчид бүр ч шансгүй харагдана. Харин, баян гэхээс өөр үнэндээ гайхуулах юмгүй дорой хэдий ч чухамдаа компанийн захирлууд сонгогдож төрийн эрх мэдлийг атгах нигууртай, ардчилсан ёстой тул боль гэлтэй биш. Өөрөөр хэлбэл энэ цаг үед ардчилсан төр олигархижиж Үндсэн хууль маань хүчгүйдэж байна! Найман оны сонгуулийн дүнд олигархи тогтох нь нэгэнт тодорхой болоод байна.Тэд ардчиллыг устгаж, Монгол Улсыг Хятадын протекторат болгох буй. Тийм учраас, байнгын бус ажиллагаатай боловч олигархийг хянан хариуцах үндсэн чиг үүрэг бүхий 430 депутаттай Ардын Их Хурал хэмээх танхимыг яаралтай байгуулан ардчилал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан сахих хэрэгтэй мэт санагдана. Магадгүй 430 компанийн захирлууд сонгогдоод ирж мэднэ. Гэхдээ дэндүү олуулаа тул хоорондоо наймаалцаж хуйвалдаад нэг санаатай болж чадахгүй. Олон муу хүнээс нийтийн эрх ашигт нийцээд нэгдэж чадсан тийм л шийдвэр гардаг жамтай. Мөн Хятадын гигант компаниуд өөр өөр намын төлөөлөлтэй 430 хүнийг нэгэн зэрэг авлигадан нэгтгэнэ гэхэд бэл бэнчин, хүч чадал нь хүрэхгүй. Бас Ардын Их Хурлаас тус тусдаа гомилогдсон Парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар, Дээд шүүх, Прокурор бие биеэсээ үл хамаарах учир нэг нь нөгөөгөө хянан цагдаж чадна. Хамгийн чухал нь биесээ удам судар, гарал үүсэл, төрөл төрөгсөд, өсөж торнисноор нь таньж мэдэх бөгөөд иймээс хэн нэгнийг мөнгө, бэлэн амлалт, уран үгээр нь бус найдвартайгаар нь үнэлж сонгох байгалийн зөн билиг бүхий хүн амтай тул танилын холбоо болох сум хороо нь Ардын Их Хурлын сонгуулийн тойрог болдог билээ. Олон арван мянган хүн амтай УИХ-ын өнөөгийн тойргийн сонгогчид ингэж чадахгүй. Хүмүүн бидэнд аль найдвартайгаа сонгон дагадаг адгуусан өвгийн байгалийн зөн билиг удамшин үлдсэн бөгөөд одоо үүнийг эргэлтэнд оруулах цаг болжээ!

Хятад хүн, хятад үндэстнийг би хүндэлдэг, яагаад гэвэл хүнийг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахыг эсэргүүцдэг ардчилсан үзэлтэй тул. Бас тэдний хийж бүтээснийг, амьдрах ухааныг биширдэг юм. Харин би Хятадын улстөрчид, Хятадын эрх баригчдын улс төрийн бодлогоос болгоомжилдог, яагаад гэвэл тусгаар тогтнолоо зовон байж олсон Монгол Улсын иргэн, төрийн түшээ учраас. Миний эл байр суурийг уншигчид “Монголд Нацизм мэндлэх гэж үү?” хэмээх өмнөх нийтлэл, дээр бичигдсэн мөрүүдээс түвэггүй ойлгосон бизээ.

PS: Эх сурвалжийг эндээс авлаа!

Мөн блогчин Ига-гийн Эмoс Дархлаа-г нэг уншаад үзээрэй, их таалагдлаа!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
hn, nadad ch bas ingej tusuulugduj l baina. tehdee manai zaluuchuud uuniig taslan zogsoohiin tuld hyatad solongoschuudtai temtseh bish ter mongol taliin teneg har yumnuudtai temtseh heregteig oilgohgui yum. hyatad huniig barij avch zodood yahavdee yuch oorchlugduhgui zugeer l gemt hergiin too l nemegdene hehe
Бичсэн: зочин цаг: 10:27, 2007-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл
hn, nadad ch bas ingej tusuulugduj l baina. tehdee manai zaluuchuud uuniig taslan zogsoohiin tuld hyatad solongoschuudtai temtseh bish ter mongol taliin teneg har yumnuudtai temtseh heregteig oilgohgui yum. hyatad huniig barij avch zodood yahavdee yuch oorchlugduhgui zugeer l gemt hergiin too l nemegdene hehe
Бичсэн: зочин цаг: 10:26, 2007-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax